Түүхэн танилцуулга
Монгол-Оросын хамтарсан “Шижир-Алт”
алтны үйлдвэр
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Заамарын алтны шороон ордын Туулын хэсэгт үйлдвэр байгуулах тухай Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 8-р сар 04-ны өдрийн 124 дүгээр тогтоолыг үндэслэн “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын 1994 оны 01-р сарын 10 ны өдрийн 04 тоот тушаалаар Заамарын алтны үйлдвэрийг байгуулжээ.
Тус үйлдвэр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Төв аймгийн Заамар сумын нутагт хайръяалагдана.Заамарын алтны үйлдвэр 1994 оноос эхэлж үйлдвэрлэлийн үндсэн техник, тоног төхөөрөмжийн угсралт барилга байгууламж, нийгэм ахуйн объектуудыг ашиглалтанд оруулах ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж ЭШ-11/70 маркийн алхагч экскаватор, ДМ-250 маркийн драгийг ашиглалтанхд оруулж, манай улсад алт олборлолтоороо хамгийн томд орох 8,6 сая долларын хөрөнгө оруулалттай орчин үеийн үйлдвэрийг нормативт хугацаанаас нь 2 дахин бага хугацаанд барьж байгуулан ашиглалтанд оруулсан.
“Монголросцветмет” нэгдмэл дангаараа санхүүжүүлж Заамарын алтны үйлдвэрийг барьж байгуулах боломжгүйг харгалзан гурван талын оролцогч оролцсон /”Монголросцветмет” нэгдэл ОХУ-ын Зарубежцветмет нэгдэл, Эрдэнэт концерн/ Шижир-Алт компанийг байгуулах асуудлыг хамтарсан үйлдвэрийн зөвлөл XXII хуралдаанаараа шийдвэрлэжээ.Ийнхүү дээрх гурван байгууллагын 51%, 25%, 24%-ийн оролцоотой “Шижир-Алт” ХХК 1995 оны 01-р сарын 01 нд байгуулагдсан байна.Орчин үеийн техник технологи, өндөр мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан “Шижир-Алт” ХХК-ийн Заамарын алтны үйлдвэр нь Монгол Улсын аж үйлдвэрийн түүхэнд баттай байр сууриа эзэлж, байгуулагдсан цагаасаа өндөр үр ашигтай ажиллаж, улс эх орны эдийн засагт том хувь нэмрээ оруулсан.
1995 оноос ОХУ-ын Эрхүү хотын Кубышевийн нэрэмжит хүнд машин механизмын заводад үйлдвэрлэсэн алт олборлон баяжуулах драг 250 ДМ, 250 Дс, ЭШ-11/70, ЭШ-10/70, ЭШ-10/60 маркийн алхагч экскаваторууд Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн катерпиллер Д9R, Япон Комацу фирмийн D155, D65E маркийн бульдозерууд зэрэг орчин үеийн өндөр бүтээмжтэй аварга техникүүдийг ашиглан уулын ажил болон олборлолтоо явуулж ирлээ.
Уулын ажлын төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, геологийн маркшейдерийн зураглал, тооцоо хийх, түүнийг боловсруулах ажлыг Япон улсын SOKKIA фирмийн SET3S, SET3030R электрон теодолит, Маррing and Design, Microstation, AutoCAD зэрэг зураглалын программуудыг ашиглан богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.Үйлдвэрийн ажилчид, инженер техникийн ажилтнуудын тохь тухтай ажлын байр, амьдрах нөхцлөөр хангах ажил үйлдвэрийн шав тавьсан өдрөөс эхэлснээр нийгэм ахуйн барилга байгууламж эрчимтэй баригдаж, өнөөдөр тохилог орон сууц, гүний худаг, цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй, Мобиком, Юнител, Жи-Мобайл үүрэн телефоны сүлжээнд холбогдсон 24 сувагтай кабелийн телевиз бүхий дэд бүтэц хөгжсөн тохилог тосгонд уурхайчид ажиллаж амьдарч байна.Заамарын алтны үйлдвэр нь 250 ажиллагсадтайгаас 10 нь гадаадын гэрээт мэргэжилтнүүд ажиллаж байсан.
2012 онд батлагдсан "Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль" гарсантай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон.
2017 оны 05-р сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Шижир-Алт” ХХК-ийг угаах төхөөрөмж Драг, алхагч экскаватор ЭШ-6/45, бульдозер Коматцу D-65E болон бусад материаллаг баазыг түшиглэн нийт 91 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагааг нь дахин сэргээн ажиллаж байна.